МУИС-ийн нэг салбар сургуулийн захирал агсан тухайн үедээ "Их, дээд сургуульд энэ мэт хэрэглээний програм заах нь зохимжгүй" гэж байсныг би олзуурхан сонсож суусан нь одоо миний хувьд дурсамж төдийгүй бодит ажил хэрэг болжээ. Бас тэр үед нээлттэй эх бүхий програм хөгжүүлэхэд гар бие оролцож эхлээд хэдэн жил болчихсон тул төлбөртэй програмуудад элэггүй бас тэдгээрийн крэкдсэн хуулбаруудыг хэрэглэхэд дурамжхан ханддаг болчихсон байлаа. Гэтэл статистикийн сургалтад ашиглаж байсан SPSS цаашлаад Stata, EViews, Matlab зэрэг програмуудын эх код хаалттай бас өндөр төлбөртэй байдаг бөгөөд ядаж байхад сургуулийн компьютерийн лабораториудад дандаа крэкдсэн буюу "хулгайн" програмууд байлаа. Тэгээд л нээлттэй эх бүхий R програмыг өөрийн заах хичээлдээ шууд нэвтрүүлсэн билээ. Энэ нь уг чанартаа би өөрийгөө ч бас өөрийн оуютнуудаа ч оюуны өмчийн зөрчлөөс ангид байх нөхцөл боломжоор хангаж буй явдал юм. R програм үнэгүй, интернэтээс татан авахад бас суулгахад ямар ч хүндрэлгүй учраас оюутнууд маань заалгаж буй програмаа хувийнхаа компьютер дээр суулгаад хэрэглэх буюу эцсийн эцэст амжилттай сурахад нь дөхөмтэй байгаа юм л даа. Мөн R програм дээр статистик програмчлалын R хэлээр код бичих байдлаар ажилладаг тул академик сургалтад ашиглахад тохиромжтой юм. Тиймдээ ч дэлхийн тэргүүлэх их сургуулиуд статистикийн сургалтын хөтөлбөртөө тус програмыг тусгадаг биз ээ.

Програмыг зохиогчийн эрхээр хамгаалдаг

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-д компьютерийн програмыг зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл болохыг заасан байдаг. Тэгэхээр компьютерийн програмуудыг гэрээнд нь заасан нөхцлийн дагуу хэрэглэх болж байгаа юм. Энэ дашрамд дурдахад нээлттэй эх бүхий, үнэгүй програмууд ч бас тодорхой гэрээгээр тус програмыг хэрэглэх, түүний эх кодыг ашиглах журмыг нарийвчлан заасан байдаг. Тиймээс аливаа програмыг түүний гэрээнд заасан нөхцлийн дагуу хэрэглэх, цаашилбал төлбөртэй ашиглах нөхцөл тавьсан бол түүнийх нь дагуу худалдан авч ашиглах ёстой. Миний заагаад байгаа R програм бол GNU GPL v2 лицензтэй бөгөөд үнэгүй түгээдэг програм юм. GNU GPL лицензийн дагуу та R програмыг чөлөөтэй хуулбарлах, өөрчлөх, түгээх боломжтой бөгөөд өөрийн хувилбартаа өмнөх хувилбарын зохиогчийг заавал дурдах бас энэхүү лицензийг дагах буюу өөрчлөхгүй байх үүрэг хүлээнэ. Ингэхээр R програм хэзээд үнэгүй, чөлөөтэй програм байх боломжтой.

Хуулийн хариуцлага

Хэрэв та ямар ч үнэгүй, чөлөөтэй хэрэглэж болох R програм байсаар байтал төлбөртэй програмуудыг хулгайгаар хэрэглэвэл мэдээж хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Дээр нэр дурдсан хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ." гэж заасан бөгөөд тухайлбал зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд зохиогчийн эрх зөрчсөн бол торгууль төлөхийн зэрэгцээ хууль зөрчиж олсон орлого болон ашигласан зүйлээ хураалгаж, учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж заасан. Мөн манайхны зарим нөхдүүдийн крэкдсэн програмыг буян үйлдэж, өглөг өгч буй юм шиг байдалтайгаар бусдад өгдөг явдал ч шийтгэлтэй юм. Тодруулбал тус зүйлд "Эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, тараасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь" гэх мэтээр тов тодорхой заасан байдаг. Хэрэв цаашилбал эрүүгийн хариуцлага ч хүлээхэд хүрэхээр ажээ.

Зөрчил гаргаж буйгаа хэрхэн мэдэх вэ

  1. Нэн тэргүүнд тус програм ямар төрлийн лицензтэйг нягтлах хэрэгтэй. Үүний тулд ердөө Wikipedia дээрх тухайн програмынхаа нэр бүхий хуудсыг үзэхэд л болно. Ийнхүү үзвэл SPSS програм Trialware or SaaS, EViews бол Proprietary, MATLAB бол Proprietary commercial software харин R програм GNU GPL v2 лицензтэй юм байна. Мөн тэрхүү лицензийнх нь тэмдэглэл хэсэгт тухайн лицензийн тайлбар хуудасны холбоос нь байдаг. Тэгэхээр ашиглаж буй програмаа үнэгүй эсэхийг мэдэх бүрэн боломжтой.
  2. Хэрэв програмын суулгацтай хамт илүү дутуу файл, хачирхалтай заавар дагалдаж яваа бол бас вирусны эсрэг програмаа хаах буюу унтраахыг зөвлөсөн байвал, програм суусны дараа ямар нэг файл хуулж байвал эсвэл хачин жигтэй програм ажиллуулж patch гэх мэт товчлуур дарж байвал, суулгачихаад ажиллуулахаар нээхэд вирусны эсрэг програм анхааруулга өгч байвал зохиогчийн эрхийн зөрчилтэй програм явж байна аа л гэсэн үг.
  3. Татан авах, суулгах бүхий л үе шат түвэгтэй, чирэгдэлтэй бол тэр програм үнэгүй, нээлттэй програм биш байх өндөр магадлалтай.

Тэгээд ямар програм сурах вэ

Зохиогчийн эрхийн зөрчилгүй ашиглах боломжтой биш л бол та тухайн програмыг хэрэглэж сурах, сурахын тулд элдэв сургалтад хамрагдаж цаг зав болон мөнгөө үрэх хэрэггүй юм. Би хувьдаа түүний оронд өнөөх програмаа орлож чадах өөр програм сурсан нь дээр гэж үздэг. Тийм учраас би SPSS, Stata, EViews, Matlab зэрэг програмуудын оронд R програм сурсан.

Төгсгөл буюу зөрчил гаргаж буй сургалтууд зогсогтун!

Зохиогчийн эрхийн зөрчилтэй програм ашигладаг, түүгээр ч үл барам тэрхүү "хулгайн" програмаа түгээн дэлгэрүүлдэг сургууль, сургалтын төв, багш, хувь хүмүүст бусад хүмүүсийг зохиогчийн эрхийн зөрчилд уруу татах явдлаа зогсоохыг уриалъя.