Шаардлагатай програм Ubuntu дээр нэмж суулгах

R програмын audio багцын тайлбарт бичсэнчлэн Linux дээр аудио тоглуулахдаа PortAudio програм ашигладаг юм байна. Миний ашиглаж буй Ubuntu Linux үйлдлийн систем дээр тус програм байгаагүй тул нэмж суулгав. Үүний тулд дараах тушаал өгнө.

sudo apt-get install portaudio19-dev

R програм дээр нэмэлт багц суулгах

R програмд wav файл ачаалж оруулах болон тоглуулахад тус програмын audio гэдэг нэмэлт багц ашиглалаа. Үүнийг PortAudio програм суулгасны дараа R програмд install.packages("audio") тушаал өгч суулгана.

R програм дээрээс ямар нэг дуу чимээ гаргах боломжтой эсэхийг audio::audio.drivers() функцээр шалгана. Тухайлбал сая суулгасан portaudio зэрэг драйверын нэр гарч ирж байвал дуу гарах боломжтой гэсэн үг.

Аудио файл ачаалж тоглуулах

Шууд тоглуулчих бэлэн wav файл байхгүй бол file-examples.com дээрх 1MB хэмжээтэй жишээ файлыг авч ашиглая. Энэ файлыг хэрэглэгчийн Downloads хавтас дотор татан авч хадгалсан гэж тооцъё. Тэгвэл үүнийг R програмд дараах байдлаар ачаална.

setwd("~")
wave <- audio::load.wave(where = "./Downloads/file_example_WAV_1MG.wav")

Одоо ачаалсан аудионы эхнээс хэсгийг нь тоглуулъя. Үүний тулд дараах байдалтай тушаал өгнө.

audio::play(wave[,1:5e4])

Жич: Аудиог бүтнээр нь тоглуулахад R програм доголдож байсан. Үнэхээр audio багцын тайлбарт PortAudio ашиглах нь туршилтын шатанд яваа гэж байсан.