Сэдэл ба тохироо

УБ уулын дугуйн аялал группийн 2020 оны үед аялж байсан гишүүд салхины хүчийг оновчтой ашиглаж УБ-аас Чойр хүртэл хэрхэн аялсан талаарх дурсамж яриаг 2021 болон 2022 онд группт нэгдсэн гишүүд олонтаа сонсож улмаар тэр аяллын үеэрх дугуйчдын мэдрэмж ямар байсныг төсөөлөн боддог байлаа. Группийн админ ч УБ-аас зүүн урагш чиглэсэн, тогтвортой, хүчтэй салхи ахин тохиолдвол ийнхүү жийнэ гэж шинэ гишүүдэд хэдэнтээ хэлж байсан юм.

5 сарын 15 даваа гараг, чат дотор "... unsent a message" гэсэн зурвас 5 ширхэг харагдана. Харин гар утас дээрх Messenger програмын мэдэгдэл дотор "салхины хүч ашиглаж хол замыг ахар хугацаанд туулах" тухай бичсэн нь харагдаж байлаа.

Аяллын санааг хөгжөөсөн нь

Ингээд "Оройн мэнд. Таны өдөр бичсэнийг харсан. Салхи бямбадаа ч бас үргэлжлэх төлөв харагдаад л байна. Энэ байдлаараа УБ 240 бэлтгэлийн оронд ёстой л салхиа дагаад уруудчихвал амар юм биш үү? Өнхрөлт сайтай дугуйнууд ална даа." гэсэн хариу илгээж орхив. Бас нэмээд "Баасанд нь нойтон цас хаялах нь ээ дээ?" гэж нэмэв. Энэ бол баасан гарагт жийх гэсэн санааг бямба руу шилжүүлэх гэсэн далд санаа. Энэ нь надад гэхээсээ группийн нийт гишүүдэд ч ашигтай. Хэрэв баасан гарагт уг аяллыг эхлүүлнэ гэвэл оролцож амжих гишүүд бараг олдохгүйн дээр бямба гараг тутмын уламжлалт өдрийн аялал тасалдах юм. Админ ингэж бичиж байна.

  • Уг нь салхитай. Гэхдээ эрсдэл нь дэндүү өндөр санагдлаа.
  • Эрүүл явахад ахиад ийм өдрүүд ирнэ. Агаарын температур 5 градус унана гэдэг аюултай үзэгдэл
  • Хуурай, цаг агаар нь гайгүй өдөр тохионо доо.
  • Осгох ч магадлалтай
  • Энэ мөрөөдлөө жаахан хойш нь тавьчихья гэж бодоод "арилгасан" юм

Үүний дараа яг өмнөх бямба гарагт нь Хүй долоон худагт зохиогдсон тэмцээний талаар ярьж байхдаа "Салхинд туугдаад бүгдийнх нь цаг их өндөр гарсан." гэсэн үг хавчуулж орхив. Тэгээд дан тэмцээний талаар ярьсаар даваа гарагийг дуусгав.

Мягмар гарагийн өглөө админаас дараах мессеж цувран ирсэн байв.

  • Бямба гаригийн салхи хорхой хөдөлгөөд л байх юм.
  • Жаахан бодьё доо
  • Агаарын температур урагшаа говь руу гайгүй харагдаад байна, хэ хэ
  • Эхний шат: Чойр 225 км, дараагийн шат: Айраг 325 км, төгсгөлийн шат: Сайншанд 450 км гээд 3 хувааж төлөвлөөд гараад шидчихдэг юм бил үү?
  • Өглөө 4 цагаас Дүнжингээс хөдлөхөд тохиромжтой
  • Сайншанд дээр очсон гишүүд заавал тэр шөнөдөө гэлгүй тэнд хоноод маргааш нь вагондоо суугаад хотод Даваа гаригийн өглөө буусан ч болно.
  • Жаахан бодьё, энэ бас л эрсдэлтэй аялал шүү

Үүний хариуд дараах мессежүүдийг цувуулан илгээв.

  • Та л мэдэж дээ. Таныг хусъя гэвэл хүйтэн салхи, нойтон цас, харуй бүрий гэсэн эрсдлээ тооцож бэлтгэлээ хангаад л гараад шидчихнэ.
    /Өмнө энэ мэтчилэн олон хүнд аяллын ард амжилттай гарцгааж байсан тул ийнхүү ямар ч аялалд бэлэн гэдгээ илэрхийлсэн нь энэ./
  • Цаг агаарын прогноз шууд хус гэмээр л байна. Цас хойд зүгээс ирээд УБ хүрээд зогсох нь. Харин зүүн урагш хур тунадасгүй байх нь ээ. Салхины чиг нэг хэвдээ л байхаар прогноз байна.
    /Одоо жаахан хүчилж байна./
  • Энэ прогноз дээрх процесс өөрчлөгдчихгүй гэвэл Борнуур хүрээд буцахад бид нойтон цастай учрах нь ээ. Харин зүүн урагшаа УБ-аас л гараад авбал цаашаа хур тунадасгүй харагдана.
    /Зарлаастай байсан өөр аяллыг хойшлуулж оронд нь Сайншанд чиглэлийг оруулахаар зүтгүүлж буй нь./

Ингээд нааштай хариу ирэв.

  • Үүрээр гараад Хоолтын даваагаа давчихвал цаашаа хээр тал, говь руу ороод цайрна л даа
  • Цаснаас зугтчихна гэсэн үг

Цаг бол цаг

Группийн аяллын зар дээр эхлэх цагийг нь 04:00 гэсэн байсан. Үүнээс 80 минутын өмнө босож цай унд уух, хөнгөн хоол идэх, хувцаслах болон бас бусад бэлтгэл хангасаар байтал аялал эхлэх цаг юу юугүй болох нь ээ. Ингээд шалавлан гарч цуглах цэгт овоо хэдэн минутын өмнө очиход группийн админ болон аялалд оролцох гишүүдийн зарим нь аль хэдийн ирсэн байлаа. Эхлэх цаг болоход аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүдийн хоёроос бусад нь цөм хүрэлцэн ирсэн байв. Ингээд аялал яг товлосон цагтаа эхэлж, хоцорсон хоёр хойноос нэхэн гүйцэж ирсэн. Налайхын замаар бөөндөө жийцгээх байсан тул багийн гишүүд юу юугүй буудчихаагүй байсан тулдаа л хоцорсон гишүүд даруй гүйцэж ирсэн. Харин аяллын маршрутын гол хэсэгт бүгд чадах чинээгээрээ буудацгаасан юм. Буудах гэж өндөр хурдаар давхихыг хэлдэг.

Хоолтын даваа ба үдэлт

Хоолтын давааны наадах дараалсан олон өгсүүр уруу замд багийнхнаасаа тасарсан тул хэт холдоод яах билээ хэмээн 10 гаруйхан км/ц хурдаар гэлдэрч явтал "Сайн уу, Галаа" гэж мэндлээд, автомашины цонхоор утсаа гарган бичлэг хийсээр группийн хоёр гишүүн намайг гүйцэж түрүүлэв. "Өө ингэхийг нь мэдсэн бол ..." гэж бодоод хурдаа нэмэв. Энэ бол группийн идэвхтэй аялагч гишүүдийн хоёр нь биднийг алсын замд үдэн гаргаж өгөхөөр яваа хэрэг байлаа. Ийнхүү тэр хоёр Хоолтын даваа давуулж бараг 60 км хүртэл үдэн гаргаж өгсөн юм.

Хүнд ачаа

"Хүрээд ир. Админ чамайг явахыг зөвшөөрсөн." гэсэн яриа чих дэлсээд улмаар хэн гэдгийг нь сонсохдоо "За тэгвэл бид ч хүнд ачаатай явах нь дээ" гэж хэлсэнийг хэчнээн гишүүн анзаарч сонссоныг бас одоо санаж буйг бүү мэд. Гэтэл нөгөө гишүүн маань хэсэг хугацааны дараа Налайхаас урагшаа Хоолтын даваа хүрэх замын дунд гэнэт хажуунаас мэндлэх нь сонсогдов. Өө тэгтэл нөгөөх маань бага оврын ачааны машин уначихсан явж байх юм даа. Хоолтын даваа хүртэл гаргаж өгсөн хоёрын нэгтэй зөвлөлдөөд ийнхүү биднийг Сайншанд хүртэл дагахаар хүрэлцэн ирсэн нь энэ ажээ. Гэтэл би "Дугуйтай ирнэ. Хүнд ачаа болно." гээд бодчихсон байсан нь арай л муухай юм шүү.

Ханасан араа, "ондогносон" бөгс

Маршрутын дагуух замыг харвал Хоолтын даваа давсаны дараах өндөршил бусад хэсгээс илүү огцом буурчээ. Үнэхээр замын энэ хэсэгт сайхан уруу ч байж бас салхи ч хүчтэй байж. Үүний ачаар бараг л нисэх мэт хурдлав. Үдэлтийн цэгээс хэдэн минут хоцорч хөдлөхөд манайхан ёстой бараа сураггүй алга болжээ. Ингээд уулын дугуйн тоногтой ч нарийн гадартай хайбрид дугуйны хэргийг гаргаж хурдаа 40 км/ц-аас буулгалгүй давхиуллаа. 36 шүдтэй хүрд ба 11 шүдтэй араа яг 45 км/ц хүрээд л ханадаг ажээ. Хэрэв нэмээд сэнсэртэл нь эргүүлтэл 60 км/ц хүрч байх юм. Нэг чигийн тогтвортой салхины ачаар агаарын эсэргүүцэл үгүй болсон байсан тул хэрэв ажиллаж л чаддаг юм бол хурдаа хэд ч хүргэж болохоор байсан. Энэ үед "Хэрэв засмалын тоногтой байсан бол ч ..." гэсэн бодол орж ирсэнийг нуух юун.

Аяллын төгсгөлд админ аялалд оролцсон группийн гишүүн бүрийн жийлтийг дүгнэж хэлэхдээ минийхийг "Араа нь ханачихсан байсан" гэсэн нь яг үнэн. Гүйцэж түрүүлэх үед машинаар зүйрлүүлбэл арааг нь солилгүй зөвхөн хаазлаад давхиад буй мэт харагдсан байх л даа. Харин "Бөгс нь ондогноод байсан" гэж хэлээгүй нь зөв жийх гэж хэрдээ хичээж, тавхайн тавилт, шагай өвдөгний шатун болон рамтай хавирах байдал, булчингаас гарах хүч үүнийгээ дагаад өвдгөнд ирэх ачаалал гэх мэтчилэн хамаг бүгдийг үргэлж хянаж явдгийн илрэл юм байлгүй.

Улайран давхихаа зогсоосон нь

Хоолтын даваа даваад дээр дурдсан хоёр гишүүнээр үдүүлэн хөдөлсөнөөс хойш буюу 60 дахь км-ээс эхлээд 300 дахь км шахтал араагаа ханатал эргүүлсээр, дундаж хурдаа 26 км/ц-аас 33-аас 34 км/ц хүртэл ахиулсан байна. Харин Сайншанд ороход дундаж хурд 31.2 км/ц болж буурчээ.

Олон овоо суурингийн наахна, доруйхан өгсүүртэй хэдэн гүвээ дээр урагш буудаж алга бологсодыг барьж аваад улмаар хамгийн түрүүнд яваа нэгний барааг олж хараад хэдхэн минут болтол салхи нэг л биш болоод явчихав. Нөгөөх гишүүн ч өөрийгөө шахаж хүчилсэн бололтой алсраад явчих нь илт мэдрэгдэв. За ингээд дараах зүйлсийг бодож хурдаа хасах шийдвэр гаргав.

  1. Агаарын эсэргүүцэл хурдны квадраттай пропорционал байдаг.
    Хурдаа бага зэрэг хасахад л чамгүй хүч буюу энерги хэмнэдэг. Гэхдээ алдах хугацаа болон туулах замын дутуугаа маршрутын аль нэг хэсэгт заавал нөхөх хэрэгтэй.
  2. Ахиад 150 км зам үлдсэн тул хамаг байгаагаа шавхаж болохгүй.
    Ер нь "Үргэлж нөөц хүч тамиртай явах хэрэгтэй." гэсэн зарчим баримталж жийдэг л дээ.
  3. Салхитай үзэлцэж хэт хүчилбэл өвдөгний үе гэмтэнэ.
    Унадаг дугуй зөв унавал үе мөч эмчилнэ. Харин буруу унавал гэмтээнэ. Гэхдээ зөв унаж байна, хүчлэхгүй гээд үргэлж гэлдэрнэ гэсэн үг огт биш шүү. Хөлөө хурдан хөдөлгөж хүрдээ сайтар эргүүлэх хэрэгтэй. Тэгвэл хурдан явна. Ер нь хүрдээ эргүүлж байж л дугуй урагш хөдөлнө шүү дээ.
  4. Арын дугуйчдыг овоо хол зайд хаясан тул надад хангалттай нөөц хугацаа бий.

Ингээд Айраг ортол сайхан гэлдэрч дугуйн дээрээ амарч авав. Амрах гэснээс хэрэв амаръя гэвэл давааны өгсүүрт жийхдээ ч амарч болдог юм. Бас "Одоо л идэхгүй юм бол хаа хүртэл үүрч явах юм. Эрт идээд шингээвэл үлдсэн замд ёстой хэрэг болно." хэмээн өөртөө хэлээд Олон овоог өнгөрүүлж байгаад зогсож жаал юм идэж уулаа.

Ачуулсан нь

За эртхэн биччихье. Би ачаалуугүй шүү, уншигчид аа.

Ачуулах гэснээс бид 18-т, 25-т биш тул бие организм хэдийд ч яаж ч "доголдох"-ыг үгүйсгэх аргагүй бас энэхүү аяллын маршрутыг дуустал нь жийнэ гэж шууд амлахад ч бэрх юм. Иймээс л хаана ямар хурдаар буюу хэр хүч гаргаж жийх вэ, хаана хэдийд амрах, хэзээ хэр хэмжээгээр хооллох вэ гэдгээ хувийн онцлог болоод аяллын маршрут ба хамт аялах багийн хэмнэлд тохируулах нь УБ уулын дугуйн аяллын группийн аялалд оролцогчдод ихээхэн ач холбогдолтой. Эс тэгвээс маршрутын дундаас гарахаас өөр аргагүй болно. Төмөр замын өртөө зөрлөгүүдийн хажуугаар жийсэн ийм аяллын хувьд галт тэрэгний буудал бараадасхийгээд сугарч үлдэнэ гэсэн үг. Ер нь тус групп ийм зэрлэгдүү аялал олон зохиодог. Жишээлбэл өнгөрөгч оны УБ 240/24 аялал гэхэд л сугарч үлдэх гарцуудтай байсан бөгөөд түүгээр гарагсад ер нь хөл гар нь өвдсөн, унаж осолдсон хүмүүс байсан. Маршрутын дундаас гарахгүй гэсэндээ өвчин намдаах эм уугаад л жийгээд байсан нэгэн ч байлаа. Цаашилбал Долоон давааны сорилго гэдэг өөр нэг зэрлэг аялал бий. Энэ бол УБ хот орчмын уул даваа давсаар 100 км хол илүү зам туулдаг аялал юм. Бариандаа орж байж л жийлтээ тооцуулна. Барианы цэгт хүрч очиж чадаагүй бол тэгээд л дуусаа. Бас заримдаа цагаар нэмж хязгаарлана. Ийм нэмэлт хязгаарлалт байхгүй байлаа ч группийн Цахим гэрээнд аяллын төрлөөс хамаарсан 12 цаг, 24 цаг гэсэн цагийн хязгаарлалт бий. Иймдээ ч УБ уулын дугуйн аялал группт цаг бол цаг юм.

Харин энэ удаагийн аялалд группийн нэг гишүүн өөрийн бага оврын ачааны машинаар аяллын цувааг дагаж оролцсон нь нэлээн хэдэн гишүүнийг ийнхүү галт тэрэгний өртөө зөрлөгүүдэд увж цуван сугарч үлдэхээс сэргийлсэн. Түүнчлэн ийнхүү машин дагасан нь гишүүдэд "Үзээд алдъя. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл жийе." гэсэн зориг зүрх нэмсэн нь гарцаагүй биз ээ. Хэрэв машин дагаагүй бол Сайншандад хэчнээн гишүүн яг хэдэн цагт очихыг бүү мэд.

КМ

УБ уулын дугуйн аялал групп (УУДАГ) нь аялалд оролцсон гишүүдийнхээ жийлтийг нэг бүрчлэн бүртгэж төвлөрсөн санд хадгалдаг уламжлалтай. Энэхүү аяллын хувьд автомашинтай дагаж оролцсон гишүүн, замдаа ачуулсан гишүүд, маршрутыг тасралтгүй жийсээр дуусгасан гишүүд гэсэн гурван категорт ангилж жийлтийг нь бүртгэх шаардлага тулгарсан. Ингээд аялал удирдсан ерөнхий админ чухам ямар байдлаар үүнийг бүртгэж данс тооцоонд тусгахыг харах нь группийн веб аппликейшн ба өгөгдлийн санг хариуцдаг миний хувьд тун ч сонирхолтой байлаа.

Харин энд ерөнхий админ аргагүй л туршлага заан аялалд оролцогчдын бүгдийнх нь сэтгэлд бүрэн нийцэх шийдвэр гаргаж жийлтийн хэмжээ буюу группийнхний ярьдгаар КМ-ийг зохистой байдлаар тооцсон юм. Хэрэв буруудвал "Тэр жийгээгүй байж, тэр ачуулчихаад ..." гэсэн гоморхол гарч магадгүй л дээ. Тэгээд ч аливаа юм зөв, зохистой, шударга байх нь л сайхан байдаг.

Яарвал даарна, ядарвал "уурлана"

УБ хот дахь цуглах газраас 04:00 цагт хөдөлсөн бид Сайншанд хотын хаалганд яг 00:00 цагт хүрч очсон.

Хаалганаас цааш Сайншанд хот руу нэвтэрч ортол ахиад буух буудалдаа хүрч очтол 20 км жийсэн. 440 орчим км жийж ядарч цуцсан атлаа цааш жийх зай үлдсэнийг умартан Сайншандын хаалга харуутаа үлдсэн хамаг байгаагаа хийн буудаж, уралдан давхицгаасан хүмүүст буух буудлын байршил яг таг тодорхой биш байснаас үүдэлтэй нэмэлт жийлт бас Сайншанд хот доторх овоо хөөрхөн гүвээ давах зэрэг нь хүндээр туссан болов уу гэмээр хоёр ч гишүүн ундууцсан өнгө аяс бүхий үгс унагасан нь хөгжилтэй.

Төгсгөл буюу хариу хэлэх үгтэй боллоо

"Хамгийн холдоо хэдэн км жийж байсан бэ?" гэсэн асуултыг хүмүүс түгээмэл тавьдаг. Үүнд өмнө нь 240 гаруй км-ээр гурван удаа гэж хариулдаг байсан бол одооноос "Нэг дор 463 км жийж байлаа" гэж хариулах боллоо.

Хэрэв энэхүү аяллын талаар цааш дэлгэрүүлэн унших бол энэхүү холбоос бүхий хуудсыг нээгээрэй.