Статистикийн загварын параметрийн үнэлэлт болон шийдвэр гаргалтад likelihood гэдэг хэмжигдэхүүнийг максимумчлах явдал түгээмэл тааралддаг. Likelihood гэдэг нэр томьёог статистикийн салбарт анх Рональд Фишер 1922 онд ''On the Mathematical Foundations of Theoretical Statistics'' ажилдаа хэрэглэсэн. Likelihood гэдгийг үнэний хувь гэж орчуулсан байдаг. Үүний дагуу likelihood гэсэн нэр томьёог үнэний хувь гэх гэтэл нөгөө талд ''үнэний хувь'' гэдэгтэй үгчлэн тохирох ''the proportion of truth'' гэдэг нэр томьёо байгаад үүнийг www.bolor-toli.com тольд яг ингэж буулгажээ. Ийнхүү likelihood гэдгийг ''үнэний хувь'' гэвэл хүмүүсийг будилуулахаар болжээ. Likelihood гэдэг үгийг Кэмбрижийн толь бичигт ''the chance that something will happen'' буюу ямар нэг зүйлийн тохиолдох боломж гэж тайлбарлажээ. Математикт ийм боломжийг магадлалаар хэмждэг. Гэхдээ Р.Фишер өөрийн ажилдаа likelihood бол магадлалаас өөр шүү гэж онцлон дурдсан. Өөрөөр хэлбэл тодорхойлолтыг нь дор танилцуулах \(L(\theta)\) бол параметрийн жинхэнэ утга \(\theta\) утгатай тэнцүү байх магадлал биш бас үнэндээ ийм боломж ч биш.

Likelihood нэр томьёоны математик тодорхойлолт дараах хэлбэртэй. Энд \(X\) санамсаргүй хувьсагчийн \(f_X(x,\theta)\) магадлалын нягтын функц дэх \(\theta\) үл мэдэгдэх параметрийг үнэлэх зорилгоор \(X_1,X_2,\ldots,X_n\) энгийн санамсаргүй түүвэр авсан гэнэ. Улмаар \[L(\theta)=L(X_1,X_2,\ldots,X_n,\theta)=f_X(X_1,\theta)\cdot f_X(X_2,\theta)\cdot\ldots\cdot f_X(X_n,\theta)\]функц зохиох бөгөөд үүнийг likelihood function гэдэг. \(X_1,X_2,\ldots,X_n\) түүвэр авч туршилт явуулан өгөгдөл цуглуулах үед параметр \(\theta\) гэсэн утгатай байж улмаар параметрийн тухайн үеийн утгын ор мөр тус түүврээр дамжин гарч ирнэ. Нөгөө талаас хэрэв параметрийн өөр утгын хувьд likelihood хэмжигдэхүүний утгыг олбол энэ нь параметрийн жинхэнэ утгатай харгалзах likelihood хэмжигдэхүүнээс бага байна. Үүнийг туршилтаар ч шалгаж болох төдийгүй онолын баталгаа нь ч байдаг. Өөрөөр хэлбэл түүвэр дээр параметрийн жинхэнэ утгын ор мөр гарсан байх бөгөөд харин likelihood хэмээх \(L(\theta)\) хэмжигдэхүүн \(\theta\) утгын түүвэр дээрх ор мөрийн тоон хэмжээг илэрхийлнэ. Хэрэв \(\theta\) нь түүврийг авах үед байсан параметрийн утгатай тэнцүү бол \(L(\theta)\) хамгийн их нь байна. Тэгэхээр likelihood бол түүвэр дэх параметрийн жинхэнэ утгын ор мөрийн тоон хэмжээ юм.

Нэгэнт likelihood нь параметрийн тухайн нэг утгын үнэмшилтэй байдлыг түүвэр дэх параметрийн жинхэнэ утгын ор мөрийн зүгээс илтгэн харуулах тул үүнийг үнэний ор гэж орчуулж болох юм. Тэгээд ч монголчууд бид үнэний ортой гэж ярьдаг л шүү дээ. Монгол хэлний их тайлбар тольд ''ор'' гэдэг үгийн утгыг 7 янзаар тайлбарласнаас ''юмны үлдээсэн хэв, ул мөр'' ба ''шинж тэмдэг, сураг чимээ'' гэсэн нь likelihood нэр томьёоны агуулгатай тохирно гэж үзлээ. Харин ''хувь'' гэдэг үгийн тухайд энэ нь магадлал шиг дээд заагтай хэмжигдэхүүн гэсэн ойлголт олон нийтийн дунд аль хэдийн тогтсон. Гэтэл likelihood хэмжигдэхүүнд дээд зааг байхгүй. Үүнийг Р.Фишер ч өөрийн өгүүлэлдээ онцлон дурджээ. Түүнчлэн үнэний хувь гэж орчуулах нь the proportion of truth гэдэг үг хэллэгтэй ч холилдоно.

Нөгөө талд философийн салбарт ийм үнэнд ойр байдлыг truthlikeness (латинаар verisimilitude) гэдэг ажээ. Манайхан like гэдгийг төст гэж орчуулдаг. Жишээлбэл Unix-like гэдгийг монгол мэргэжилтнүүд Юникс-төст гэж хэлдэг. Тэгэхээр энэ хэллэгийг үнэн-төст гэж орчуулах биз ээ.

Ийнхүү likelihood гэдэг нэр томьёог үнэний ор гэж орчуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.